Спортын тамирчид, дасгалжуулагч, шүүгч, спортыг дэмжигч нарын даган биелүүлэх ёс зүйн чанар буюу биеэ авч явах соёл нь Монгол үндэстний шүүн тогтоосон ёс зүйн ерөнхий зарчим, олон улсад баримталж буй шаардлагуудын нийлбэр цогц бөгөөд үүнийг сахин мөрдсөнөөр аливаа зөрчил, гажуудлаас сэргийлж, нэр төрөө хамгаалж чадна.
СПОРТ ХЭМЭЭН НЭГЭН ТОМ АЙЛЫНХАН БИД:
- Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзүүлсэн амжилт, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхдаггүй;
- Шударга ёсыг дээдэлж, спортын талбарт үнэн хичээнгүйлэн өрсөлддөг, ямарваа нэгэн хууран мэхлэх оролдлого хийдэггүй, шан харамж, бэлэг сэлт, бусад санхүүгийн үр, ашиг үйлчилгээг шаарддаггүй, ийм санал бусдад тавьдаггүй, ийм саналыг хүлээн авдаггүй, шударга бус өрсөлдөөн, худал хуурмаг явдалтай эвлэрдэггүй;
- Сэтгэл зүй, бие бялдар, ажил мэргэшил, бэлгийн аливаа нэгэн шахалт дарамтыг биеэр, үгээр болон цахимаар үзүүлэхийг хатуу цээрлэдэг;
- Нөхөрсөг зан харилцаа, хүний мөн чанарт итгэж, хүн хүнээ хүндэтгэх ёс жудаг, хүмүүжил, хүндлэл, тэвчээр зэрэг зан үйлийн сайн чанаруудыг дээдэлдэг;
- Бусдыгаа манлайлж хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж, үзүүлсэн амжилт, үр дүнгийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээдэг, өөрийн мэргэшсэн спортын төрлийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг;
- Иргэд болон өөр хоорондоо хүндэтгэлтэй, эелдэг харьцаж, нийгэмд биеэ соёлтой авч явах байдлаар үлгэр дуурайлал үзүүлдэг;
- Олимпизмын үзэл санааг дэмжиж гадаад, дотоодын аливаа тэмцээн, наадамд оролцохдоо ямагт улс орныхоо нэр хүндийг эрхэмлэдэг;
- Улс төржсөн аливаа үйлдлээс ангид байдаг, байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг;
- Бусдын нэр төрийг гүтгэн гутаах, доромжлох, хов жив, цуу яриа гарган нийтэд тараах, хүний хувийн амьдрал, нууцад үндэслэлгүйгээр халдахыг тэвчдэггүй;
- Спортын цэвэр ариун байдал, эрүүл ахуйг үлгэр жишээтэйгээр сахидаг;
- Төрийн хууль ёсыг өөрийн үзэл бодол, ёс суртахуун, үг, үйлдлээрээ эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын хуулийг ямагт сахин, спортын салбарын журам, зааврыг даган баримталдаг;
Энэхүү ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахиж даган мөрдсөнөөр сэтгэл зүрх, бие бялдрын өв тэгш боловсролтой, бүтээлч тэмүүлэлтэй нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулна.