Сэтгэл зүрх, бие бялдар өв тэгш, боловсролтой, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ

МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм хүндэт биеийн тамир, спорт сонирхогч таны 
Энэ өдрийн амар амгаланг айлтгая. 

Биеийн тамирын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, ёс зүй хэм хэмжээг тогтоох, тухайн иргэний бие бялдрын түвшинд тохирсон идэвхтэй хөдлгөөний загвар боловсруулан нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн олон талт, тэгш, хүртээмжтэй, сонголттой үйлчилгээг бий болгох, ингэснээр хүмүүнлэг, бие бялдрын өв тэгш боловсролтой, бүтээлч тэмүүлэлтэй иргэдийг төлөвшүүлэх зорилт бүхий Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороог 2022 оны 9 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр шинээр байгуулсан юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс үндэстний эв нэгдэл, нийгмийн эерэг харилцааг дэмжих хэрэглүүр, улс орны бүтээн байгуулалт, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур хэмээн үзэж биеийн тамир, спортын салбарын бодлого, иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Харин Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлэх”-ээр тодорхой зорилтууд дэвшүүлж амжилттай хэрэгжиж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хэмжээнд хөдөлгөөний хомсдолыг 2025 он гэхэд 10 хувиар, 2030 он гэхэд 15 хувиар тус тус бууруулах зорилго дэвшүүлсэн бол Монгол улс 2024 гэхэд хөдөлгөөний хомсдолтой хүн амыг 7 хувь, илүүдэл жин ба таргалалтай хүн амын эзлэх хувийг 7,4 хувиар тус тус бууруулах зорилт тавьсан. Үүнийг төлөө өөрийн эрүүл мэндийн төлөө хамтран зүтгэх цаг нь иржээ. 

Монголчууд бидэнд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг өвөг дээдсийн сургаал бий. Иймд өдөр бүр эрүүл мэндийнхээ төлөө цаг гаргаж өөрийн биеийн онцлогт тохирсон идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэдэг Эрүүл Монгол Хүн байхыг та бүгддээ уриалж байна. 

Б.БАТ-ЭРДЭНЭ

Улсын Их Хурлын гишүүн, 
Монгол Улсын сайд,
Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга