Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хорват улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Дарио Михелин болон консул, холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж дараах сэдвээр санал солилцлоо:
➢ Хорват улс нь нийтийн биеийн тамирыг төрийн бодлогын хэмжээнд хэрхэн дэмжин ажиллаж буй тухай, мөн хувийн хэвшлийг нийтийн биеийн тамирт хөрөнгө оруулахад эрхзүйн дэмжлэг үзүүлэх, эсвэл санхүүгийн хөшүүрэг хэрэглэх зэрэг туршлагын талаар мэдээлэл авахыг Э.Тэмүүжин хүслээ.
➢ Хорват улс нь спорт, ялангуяа өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарын ёс зүйн асуудалд хэрхэн хандаж ямар эрхзүйн орчинд зохицуулалт хийж буйг манай спортын салбарынхан сонирхож байгааг уламжиллаа.
➢ Гадаад улс орнуудын иргэдийн бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох, хэрэглэх, хянах чиглэлийн туршлага чухал учир Хорват улсын төрийн болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай холбогдож энэ чиглэлийн мэдээлэл авах хүсэлт тавилаа.
➢ Спортын анагаах ухаан, сургалт, дасгалжуулалтын онол, спорт хооллолт, идэвхтэй хөдөлгөөний шинжилгээ зэрэг чиглэлээр Хорват улсын томоохон их сургуулиудын харьяа судалгааны төвүүд, олон эрдэмтэн мэргэд байдаг ба эдгээр мэргэшсэн сургууль, төвүүдэд манай салбарын багш, дасгалжуулагч, судлаачдыг урт хугацааны нарийн мэргэжил болон цол олгох сургалт, дунд хугацааны мэргэших сургалтад хамруулах, ахлах сургууль төгсөж ямар нэгэн спортын төрлөөр гүнзгийрүүлэн хичээллэж байгаа залуучуудын бакалаврын зэрэг олгох тэтгэлэгт сургалтын талаар мэдээллээр хангах асуудлыг хөндлөө.
Ноён Михелин дээрх асуудлаар Хорват улсын зарим байгууллагатай холбогдож тодорхой мэдээ авах, ялангуяа тус улын спорт, биеийн тамирын дээд сургуулиудад монгол оюутан суралцуулах хүсэлтийг нарийн судалж энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах талаар мэдэгдэв. Уулзалт найрсаг, ажил хэрэгч байдлаар өрнөсөн ба талууд цаашид тогтмол харилцаа холбоотой ажиллахаар тохирлоо.