Сэтгэл зүрх, бие бялдар өв тэгш, боловсролтой, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ

СПОРТ ЦОГЦОЛБОРУУДЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА




Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын алба 2023 оны 01 дүгээр сарын 24-нд Баянзүрх, 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороодын үйл ажиллагаа, спорт цогцолборуудын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ургах Наран” хорооллын урд, зам дагуу 0,5 га талбайд 1,000 хүний суудалтай спорт цогцолбор нь спортын болон сургалтын зориулалттай, тэнхлэгээрээ 62.7 х 48.7 метр  хэмжээтэй, зоорийн давхартай, үндсэн 4 хэсгээс бүрдсэн, 25 метр хэмжээтэй сэлэлтийн 4 зам, шүршүүр, эмч, дасгалжуулалтын өрөө, саун зэрэг үйлчилгээний олон танхимтай 4 давхар цогцолбор барилга болох юм.

   Гүйцэтгэгч “Атмос Трейд” ХХК-ийн захирал нь объект дээрээ ажлын албаныхантай уулзаж барилгын явцад дараах хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсныг хэллээ. Үүнд:

 Байршил 3 удаа өөрчлөгдсөнөөс болж шинэ суурь ухах их хэмжээний үргүй зардал гарсан;

 Уурын зуухны хүчин чадалыг буруу тооцсон учир солих нэмэлт ажил болно;

 Үерийн усны далан бариагүйн улмаас хэд хэдэн удаа усанд автан их хэмжээний хохирол амссан байна;

Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа боловч нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр идэвхи санаачлагатай ажиллаж байгаад Ажлын албаны зүгээс Отгонсүрэн даргатай тус хамт олонд талархал илэрхийлсэн байна.

Мөн ажлын албаныхан Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцсан бөгөөд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн ард талд баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилга 40 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Анх 2011 онд барилгын ажил эхэлсэн ч газрын маргааны улмаас 5 жил барилгын ажил зогсжээ. 

Газрын маргаан нь шүүхийн байгууллагаар 2018 онд шийдэгдэж, сүүлийн 2 жилийн хугацаанд улсын төсөвт тусгагдсан санхүүжилтийн хүрээнд барилгын ажил явагдаж ирсэн боловч 2023 онд санхүүжилт шийдэгдээгүйн улмаас энэ оны бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдах нь тойдорхойгүй байдалд хүрчээ.

 Энэхүү цогцолбор нь Баянзүрх, Баянгол дүүргийн спорт цогцолборын ижил зураг, төслөөр хийгдэж байгаа ба 25 метрийн 5 зам бүхий усан бассейн, бэлтгэлийн болон стандарт спорт заалны хэсгүүдтэй. Гүйцэтгэгчээр нь “Green resource” ХХК ажиллаж байна. 

Дээрх дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны албан хаагчид болон гүйцэтгэгч компанийн удирдлагатай санал солилцлоо. Компаниудын хувьд санхүүжилтын асуудал, газрын асуудал зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол спорт хорооны дарга нар салбарын хүний нөөц хүрэлцээгүй, ажилтнуудын цалингийн хэмжээ бага, биеийн тамирын арга зүйчид дүүргийнхээ хороодоор ажиллуулах шаардалагтай боловч орон тооны асуудал, цалингийн төсөв шийдэгдээгүй, албан хаагчдын гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтын асуудал хийгдэхгүй зэрэг хүндрэл тулгамдаж байгааг уламжлав.

Цаашид Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны зүгээс эдгээр спорт хороодын тулгамдаж буй асуудлыг судлан үзэж хамтран шийдвэрлэх боломжийн талаар холбогдох байгууллагуудтай ажиллаж байна.