БСШУСБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, “Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл сонсов
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдрийн (2023.06.13) хуралдаан гишүүдийн 68.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны I улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрчээ.
Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого, амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага үүссэн байна.
Эдийн засаг, нийгмийн энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан тухай Б.Жавхлан сайд танилцуулсан.
Энэ өдрийн хуралдаанаар “Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын мэдээллийг сонслоо.
Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр Олимп Нийтийн Биеийн тамир, спортын үндэсний хороог шинээр байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хорооны даргаар томилсон. Биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын алба таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж.
Тус хороо 2023 долоон чиглэлийн 49 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган, ажиллаж байгааг Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулав. Тухайлбал, Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийг байгуулан, 10 гаруй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулаад байгаа юм байна.
Түүнчлэн “Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг өөрчлөхөөр ажиллаж байгаагаа мөн хуралдаанд танилцуулав.
Үүний зэрэгцээ хувь хүний бие бялдрын хөгжлийг дэмжих, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд өдөр тутмын хөдөлгөөн дасгалын жишиг загварыг шинээр боловсруулахаар ажиллаж байгаа гэв. Мөн хүн амын бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох, сорилын стандартыг шинэчлэх, сорилын төв байгуулах, санхүүгийн тооцоолол хийх, сорилын цахим сан бүрдүүлэх журмыг шинээр боловсруулж байгаа аж.
Спортын тэмцээн зохион байгуулах жишиг зааврыг Биеийн тамир спортын улсын хороодтой хамтран боловсруулж байгаа гэлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих спортын барилга байгууламжийг аймаг, сумдын хүн амын тоо, хэрэгцээ, хүртээмжийг харгалзан боловсруулах аргачлал, спорт заалны барилгын жишиг зургийг боловсруулж байгаа бөгөөд ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад бүтээн байгуулалтын тодорхой ажлуудыг оруулахаар ажиллаж байгаагаа Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулсан.
Спортын салбарынхан, тамирчдын баримтлах ёс зүйн зарчмуудыг боловсруулаад байгаагаа мөн дэлгэрэнгүй танилцууллаа. Нийтийн эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд эрүүл мэндийг болон спортыг дэмжих тусгай сангуудын ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, нэмэлт эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулаад байгаа аж.
Тамхи, казиногийн үйл ажиллагаа, бооцоот таавар, бооцоот морин уралдаан, хонжворт сугалаа, энэ орлогод ноогдуулах онцгой албан татварын зарим хэсгийг нийтийн биеийн тамирыг дэмжих сангийн санхүүгийн эх үүсвэр болгон татан төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр судалгааны ажлуудыг эхлүүлсэн гэлээ.
Мөн спортын хэрэглэл, хувцас, тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, олон улсын жишиг, стандартаар спортын барилга, байгууламж байгуулах аж ахуйн нэгжид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна.
Спортын талбай, барилга, байгууламжийг өргөжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлууд, спортын салбарынхны олон улсын түвшинд гаргаж буй амжилтууд, олимпын бэлтгэл ажлууд, Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын чанартай тэмцээнүүд, тэдгээрийн бэлтгэл ажил, санхүүжилтийн талаар Б.Бат-Эрдэнэ сайд дэлгэрэнгүй танилцуулсан.
“Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдэвт Б.Бат-Эрдэнэ сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, соёл, спортын салбарын үйл ажиллагаатай холбоотой саналууд хэлсэн байна.