“Буянт-Ухаа Спортын Ордон” ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх талаар хэлэлцэх хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16:00 цагт Засгийн газрын “Нутгийн удирдлагын танхим”-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт:
• Монгол улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б. Бат-Эрдэнэ,
• Сангийн дэд сайд С. Мөнгөнчимэг,
• Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо,
• Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э. Тэмүүжин,
• Барилга, хот байгуулалтын яамны ББМҮ бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Гантулга,
• Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бодлог, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З. Төмөртөмөө,
• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц. Баяр-Эрдэнэ,
• Нийслэл, хотын стандарт, барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хяналтын хэлтсийн дарга О. Оджаргал,
• Нийслэлийн замын хөгжлийн дарга Г. Баттогтох,
• Барилга хөгжлийн төв дарга Ц. Амарсанаа,
• Онцгой байдлын ерөнхий газрын галт түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ
• Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О. Баттулга
• “Буянт-Ухаа” ТӨҮГ-ын захирал Л.Энхбаяр, Захиргаа, санхүүгийн албаны дарга Н. Баатаргэрэл, Сэлэнгэ нар оролцлоо.
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулаад Зүүн Азийн залуучуудын наадам болон ахмадын теннисний мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээн гээд спортын салбарын чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж эдгээрийг Буянт-Ухаа цогцолборт хийхээр төлөвлөж байна.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2008 онд баригдсан боловч гүйцэтгэгч компаниудын ажлын даалгавар, холбогдох зураг, бусад баримтууд бүрэн бус, мөн тодорхой ажлууд дутуу хийгдсэн тул Улсын комисс тус барилгыг хүлээж аваагүй. Улмаар 2019 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яамнаас Хятадын талтай харилцаад Буянт-Ухаа спортын ордны их засвар хийлгэж нэгдсэн байдлаар иж бүрэн хүлээж авахаар шийдэлд хүрсэн. Энэ ажлын хүрээнд барилыг анх барихад зарцуулсан 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө дээр нэмж 65 сая юань буюу 25 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулсан. Өнөөдрийн байдлаар засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа ба Хятадын талаас холбогдох албаны хүмүүс ирж ажлын явцтай танилцахаар болсон.
Барилгын дотор засвар үйлчилгээний ажил 5-р сард бүрэн дуусаж улсын комисст хүлээлгэж өгөхөд тулгамдаж байгаа хэд хэдэн хүндрэлтэй асуудал байна. Тухайлбал, барилгын ажил анх гүйцэтгэсэн зарим ажлын зураг, дүгнэлт, бусад материалууд бүрэн бус, цогцолбор руу орох замын ажлын санхүүжилт шийдэгдээгүй, дэд бүтцийн шугам сүлжээ шилжүүлэх нэмэлт ажлын төлөвлөлт дутуу, цогцолборын хаалга шаардлага хангаагүй зэрэг асуудлууд хэлэлцүүлгийн үеэр яригдлаа.
Эдгээрийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэгт оролцогсод нухацтай ярилцаж тодорхой шийдвэр гаргасан. Мөн Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардагдах бэлтгэл ажил хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.