Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны санаачлагаар шинээр байгуулагдсан “Өдөр тутмын хөдөлгөөн, дасгалын жишиг загварыг шинэчлэх ажлын хэсэг” хуралдлаа. Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Биеийн тамир, спортын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хувь хүний бие бялдрын хөгжлийг дэмжих, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, өдөр тутмын хөдөлгөөн, дасгалын жишиг загварыг бий болгох ажлыг зохион байгуулах зорилготой ажиилаж байгаа юм.
Биеийн тамир, спортын салбарын эрдэмтэн судлаач, мэргэшсэн дээд сургууль, ШУТИС, АШУҮИС, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн төв, Биеийн тамир, сортын улсын хороо, хувийн хэвшил, спорт холбоодын төлөөлөл багтсан энэхүү ажлын хэсгийн хурал нь 02 дугаар сарын 28-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд болов. Тус хурлаар дараах асуудал хэлэлцлээ:
✓ Олон улс оронд амжиллтай хэрэгжиж буй “Спорт ХАБ” тогтолцооны танилцуулга, манай улсад нэвтрүүлэх боломжууд,
✓ Ажлын хэсгийн төлөвлөгөө, удирдамжийн танилцуулга, тодруулга,
✓ Ажлын хэсгийн төлөвлөгөөнд заасан эхний хоёр ажлыг гүйцэтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийн гүйцэтгэх ажил хуваарилт,
Дэд хэсгүүдийн гишүүн, гүйцэтгэх ажил чиглэл, хугацааг тохирч ажлын хэсгийн дараагийн товыг тохиролцсоноор хурал амжиллтай өндөрлөв.
СОНГИНОХАЙРХАН, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БТСХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын алба Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны үйл ажиллагаа, спорт цогцолборын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаа.
Сонгинохайрахан дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Дугуй, буудлага, чөлөөт бөх, жюү-до, бокс, волейбол, аэробикийн өсвөрийн шигшээ баг тэмцээн уралдаандаа бэлдэж байна.
Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо
192 хүний суудалтай, 10x25 метрийн усан спортын заал, 294 хүний суудалтай сагсан бөмбөг, гар бөмбөгийн стандарт талбай бүхий универсал заал, 48 мк2 хүндийн өргөлт, фитнессийн бэлтгэлийн өрөө, төрөл бүрийн спортын бэлтгэлийн өрөө, захиргаа, эмнэлгийн тусламжийн өрөөтэй төлөвлөн үйл ажиллагаа явуулж байна.
Мөн дээрх дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны удирдлага, албан хаагчидтай уулзан санал солилцож, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Тухайлбал, салбарын хүний нөөц дутмаг, цалингийн хэмжээ бага, биеийн тамирын арга зүйчийн орон тоо байхгүйгээс усан спортын төрлийг хэвийн явуулахад хүндрэл үүсч байгаа, мөн албан хаагчдын мэргэжлийн сургалт шаардлагатай зэрэг асуудал хэлэлцэв.
Цаашид Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны зүгээс эдгээр салбар холбоодын тулгамдаж буй асуудлыг судлан үзэж шийдвэрлэх боломжийн талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. Тухайлбал: Баянгол дүүргийн Биеийн тамир спортын усан бассейныг “Нийслэлийн өмчийг түрээсээр эзэмшүүлэх журам”-ыг үндэслэн гэрээ байгуулах, ингэснээр дутагдаж буй хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж бассейны үйл ажиллагааг хэвийн явуулахад хууль зүйн боломжийг судлан хамтран шийдэл олох эрх зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцлоо.